Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн тэргүүн Б.Эрдэнэ нар өнөөдөр  хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр хоёр байгууллагын удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд байлцаж монгол улсын унаган байгалийн эвдрэл, гол мөрөн ус горхи, түүнээс тэжээгдэж буй амьд бүхний хувь заяа, ирээдүйн төрх байдлын талаар тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцож үүний гарц гаргалгаан дээр эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтүүд, мэдээ мэдээлэл, өөрсдийн дуу хоолой, байр сууриа олон нийтэд зөв хүргэхэд ямар санал санаачилга өрнүүлж болох талаар ярилцаж байлаа.

Тиймээс энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн чанартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг бүрдүүлэх, хариуцлагатай, мэдлэгтэй, өндөр боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх, уул уурхайн салбарын өсөлт хөгжлийг дэмжсэн судалгаа хийх, үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог сайжруулах, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын үйл ажиллагаанд стратегийн ач холбогдол бүхий харилцааг бий болгоход оршиж байна.

Талууд хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд, хоёр байгууллагын ажиллагсдад зориулсан гадаад дотоодын мэргэжлийн сургалт уулзалтыг зохион байгуулах, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, ажлын байранд зуучлах, үйлдвэр уурхайд оюутан дадлагажуулах, судалгаа шинжилгээ, техник технологийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх, туршлага мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллахаар боллоо.