Монгол Улсын дээд боловсролын чанар, төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаар ихээхэн яригдаж байгаа энэ үед Монгол Улсын төрийн өмчийн отгон их сургууль болох Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-иас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа “Үйлдвэрлэлийн уулзалт, хөдөлмөрийн яармаг” арга хэмжээ өнөөдөр сургуулийн хотхонд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уулзалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад МАК, Оюу толгой, Эрдэнэс таван толгой, Вагнер Ази, Даррхан Геомаш, Лоро Пиана, Хүннү ресурс, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний ассоциаци  зэрэг 30 гаруй аж ахуй нэгж, компаниудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.
Бүтэн өдөр үргэлжлсэн энэхүү арга хэмжээ нь: МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага удирдагчид болон үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан сургалт, оюутнуудад зориулсан хөдөлмөрийн яармаг, үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл, МГТИС-ийн багш, оюутнууд, эцэг эхийн төлөөлөлд зориулсан чөлөөт уулзалтууд гэсэн гурван хэсгээс бүрдэж байлаа.

МГТИС-ийн сургалтын гол онцлог нь оюутнуудын танхимд эзэмшсэн шинжлэх ухаан, технологийн
мэдлэгийг лабораторийн болон үйлдвэрийн дадлагын хүрээд бодит чадвар болгож өгдөгт оршдог.

Дадлага нь бакалаврын хөтөлбөрийн 20 хувийг эзлэх бөгөөд МГТИС-ийн дадлагын концепци нь үнэхээр шинэлэг юм. Тухайлбал, оюутан нэг бүрийн үйлдвэрийн дадлагын хөтөлбөрийг дадлага хийх үйлдвэртэй хамтран боловсруулдаг, мөн МГТИС-иас үйлдвэрийн дадлага удирдах инженер, техникийн ажилтанд зориулсан сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбараас санал болгосон сэдвүүдийг бакалаврын ажлын сэдэв болгохоор бэлтгэж байгаа зэргээс төгсөгчдийг ажлын байранд хэрхэн бэлтгэж байгааг эндээс тодорхойлж болно.
Оюутнууддаа мэргэжлийн мэдлэг чадвар олгохын зэрэгцээ зөв төлөвшсөн хувь хүн, нийгмийн болон хүрээлэн байгаа орчны өмнө хариуцлагатай инженер, манлайлагчдыг бэлтгэх нь МГТИС-ийн бас нэг чухал зорилт юм.
Тус сургуулийн хамт олон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн дэлхийн түвшний инженерийг эх орондоо бэлтгэхийн зэрэгцээ практикт ойр мэргэжлийн сургалтууд, салбар дамнасан хэрэглээний судалгааны чиглэлээр үйлдвэрлэгчдийн найдвартай түнш болох том зорилгыг тавин ажиллаж байгаа юм байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд эхний алхмууд болох судалгааны төслүүдийг МГТИС-ийн эрдмийн хамт олон амжилттай хэрэгжүүлж байна. Жишээ болгон дурдахад хүнд машин механизмын түргэн элэгддэг эд ангийг бүрэх лазер технологийг нэвтрүүлэх судалгааг ХБНГУ-ын Фрайнхофын нийгэмлэгийн хүрээлэн болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран хийж байна.
Мөн түүнчлэн судалгааны төслүүдэд болон сургуулийн номын сан, лабораториудад оюутан-туслахын ажлын байрыг нээлттэй зарлаж,  сонгон шалгаруулж ажиллуулдаг нь мөн тус сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа ажлын арга барилд суралцах сайхан боломжийг олгодог юм байна. Түүнчлэн МГТИС-ийн болон ГЭСА, хамтрагч үйлдвэрүүдийн тэтгэлэгтэй суралцах боломж оюутан бүрийн өмнө нээлттэй байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй юм.
“Үйлдвэрлэлийн уулзалт, хөдөлмөрийн яармаг” арга хэмжээний үеэр: манай улсын бүх их, дээд сургуулиуд ажил олгогчидтой ингэж хамтран ажиллах арга замыг идэвхтэй эрэлхийлж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, одоо ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг санал болгож чадвал, дээд боловсролын чанарыг сайжруулаад зогсохгүй улс орныхоо хөгжилд том хувь нэмэр оруулах боломжтой талаар оролцогчид санал бодлоо илэрхийлж байлаа.